БизнесУлс төрЭдийн засаг

Г.БАЯРСАЙХАН: ОЛОН МОНГОЛ ЗАЛУУСЫГ ЯПОНД ДАДЛАГАЖУУЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ.

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Япон улсад албан ёсны айлчлал хийж буй УИХ-ын дарга З.Энхболдын багт ажиллаж байгаа юм. Тэрбээр өмнө нь тус улсад хийсэн ажлын айлчлалынхаа үеэр Монгол Улсын ирээдүйн хөгжлийн хөтөч байх өндөр мэргэжилтэй, ур чадвартай ажилтнуудыг хамтран бэлтгэх тал дээр Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн сайд Я.Шиозакитай тодорхой яриа хэлцлийг өрнүүлсэн билээ. Тэрхүү яриа хэлэлцээ бодит ажил болж монгол залуусыг Японд мэргэжил дээшлүүлэх, дадлагажуулах боломжийг бүрдүүлсэн Засгийн газар хоорондын Санамж бичгийг өнөөдөр албан ёсоор байгууллаа.

 Токио хотноо байгуулсан “Хөдөлмөрийн салбар дахь хамтын ажиллагааны санамж бичиг”-т Монгол Улсын Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн сайд Я.Шиозаки нар гарын үсэг зурсан юм. Японы Ерөнхий сайдын өргөөнд болсон гарын үсэг зурах ёслолд УИХ-ын дарга З.Энхболд, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ болон УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, Япон-Монголын парламентын бүлгийн дэд дарга Д.Ганбат, Уул уурхайн сайд Р.Жигжид нарын албаны хүмүүс оролцлоо.

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “Хөдөлмөрийн салбар дахь хамтын ажиллагааны санамж бичиг” нь хоёр улсын хоорондын шинэ технологи, хүн солилцоо болон цаашдын хөдөлмөрийн зах зээлийг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэдгийг онцлоод “Энэ нь манай хоёр орны Засгийн газар хоорондын анхны Санамж бичиг гэдгээрээ онцлогтой. Ингэснээр монгол залуус олноороо Япон улсад өндөр технологи эзэмшиж, япон соёл, ноу-хауг суралцах боломж бүрдэж байгаа юм. Манай Хөдөлмөрийн яамны хувьд Японд мэргэжил дээшлүүлж, дадлагажих  хүсэлтэй залуусыг эхний ээлжинд хэлний сургалтад хамруулж, сургалтыг өөрийн харьяа мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагууд дээрээ явуулахаар бэлтгэл ажлыг хэдийнэ эхлүүлсэн байгаа. Тиймээс зохих журмын дагуу бүртгүүлж, хэлний мэдлэг эзэмшсэн залуусыг Япон улсад дадлагажигчаар илгээх ажил нэн  даруй эхлэх боломжтой. Дадлагажигч ажилчдыг бид ихэвчлэн бүтээн байгуулалт, үйлдвэр, дэд бүтэц, эрүүл мэндийн салбарт ажиллуулахаар төлөвлөж байна” хэмээсэн юм.  

Монголоос дадлагажигч ажилтан авч мэргэшүүлэх замаар шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх тухай 2013 онд байгуулсан “Монгол, Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр”-т төдийгүй ойрын үед хүчин төгөлдөр болох гэж буй Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /ЕРА/-т ч тодорхой тусгасан байдаг. Энэ удаа байгуулсан Засгийн газар хоорондын санамж бичгээр ур чадварын дадлагажигч илгээх ажил улам бүр баталгаажиж, цар хүрээ нь нэмэгдэж буйг албаны хүмүүс онцоллоо. 

 

Эх сурвалж: Хөдөлмөрийн Яам

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

five × 3 =