БизнесМонгол-Японы харилцаа

ЯПОНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ СОНИРХОХ МОНГОЛЫН КОМПАНИУД НЭМЭГДЖЭЭ

Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхэлснээс хойш нэг улирал өнгөрөөд байна. Энэ хугацаанд компани, хувь хүмүүс МҮХАҮТ-ээс ойролцоогоор 50-аад гарал үүслийн гэрчилгээ авчээ.

Өнгөрсөн нэг улирлын хугацаанд Японы зах зээлийг сонирхох Монголын компаниуд нэмэгдсэн байна. Тухайлбал хонины ноосоор барилгын дулаалгын материал үйлдвэрлэдэг “Эко ноос" компани есдүгээр сард багтаан Япон улсад бүтээгдэхүүнээ гаргаж эхэлнэ. Ингэхдээ дотоодын зах зээлд борлуулдаг ханшаас 20 орчим хувиар илүү өндөр үнээр зарахаар төлөвлөж байгаа талаар тус компаниас мэдээлсэн байна. “Витафит” компани мөн бүтээгдэхүүнээ гаргаж байгаа төдийгүй бүтээгдэхүүнээ Японы зах зээлд таниулах чиглэлийн маркетингийн ажил түлхүү хийгдэж байгаа гэдгийг тус компанийн захирал С.Болорсайхан онцоллоо. Түүнчлэн “Говь”, “Ханбогд кашимер” зэрэг ноолуур, ноолууран бүтээгдэхүүн экспортлогч компаниуд Японы компаниудтай шинэ гэрээ хэлцлүүд байгуулж байгаа аж. Ноолуурын гаалийн татварыг тэглэснээр Монголын экспортлогчид Японы зах зээлд БНХАУ-ын ноолууртай өрсөлдөх чадварыг нь сайжруулж байгаа гэдгийг салбарынхан онцолж байна.

Үүнээс гадна Японоос Монгол Улсад хийж байгаа импортын 80 гаруй хувийг автомашин бүрдүүлдэг төдийгүй тоног төхөөрөмжийн импорт багагүй хувийг эзэлж байгаа юм. Энэ оны эхний долоон сард Монгол Улс импортолсон суудлын автомашиныхаа 85 хувийг Японоос авсан байна. Энэ нь жилийн өмнөхөөс найман сая орчим ам.доллараар нэмэгдсэн үзүүлэлт болжээ. Гэхдээ тоо ширхгийн хувьд жилийн өмнөхөөс зургаан хувиар буурсан боловч мөнгөн дүнгээрээ өссөн нь энэ хугацаанд Монголбанкны зарласан ханшаар иен төгрөгийн эсрэг 20 гаруй хувиар чангарсантай холбоотой аж.

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд 4500-аас бага хөдөлгүүрийн багтаамж бүхий шинэ автомашиныг гаалийн татвараас бүрэн чөлөөлөхөөр болсон юм. “Таванбогд” группын хувьд нийт борлуулж байгаа автомашиных нь 60 хувийг ийм төрлийн автомашин бүрдүүлж байна. Харин бусад төрлийн шинэ автомашинуудын гаалийн татварыг үе шаттайгаар бууруулахаар болжээ.

Сард 400-500 хуучин автомашин Японоос импортолдог “SBT Mongolia” компани ашиглалтаасаа хамаараад нийт автомашиных нь 20 орчим хувь нь тарифын хөнгөлөлт эдэлнэ гэж үзжээ. Гаалийн тарифын хөнгөлөлт эдлэхийн тулд гарал үүслийн гэрчилгээ бүрдүүлэхийг шаардаж байгаа нь тодорхой хугацаа шаардаж байгаа аж. Тухайлбал Японоос тоног, төхөөрөмж импортлогч “Unitra” компанийн нийлүүлэлт хил дээр саатсан талаар тус компани өмнө нь мэдээлж байсан юм.

 

Эх сурвалж: http://bloombergtv.mn

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

nine + twelve =