Мэдээлэл

“МОНГОЛ-ХОККАЙДОГИЙН БИЗНЕС ФОРУМ” ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

投稿日:

“Хоккайдо-Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг”-ийн санаачилгаар “Монгол-Хоккайдогийн бизнес форум” 9 дүгээр сарын 20-ны өдөр Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд зохион байгуулагдав.

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг форумыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжиж, уул уурхайн салбарын зэрэгцээ, хүнс, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарт тэргүүлэх технологийг нэвтрүүлж, экспортыг дэмжих замаар эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх бодлого баримталж байна. Хоккайдо дахь Монгол Улсын өргөмжит консул Ц.Такэбэгийн санаачилгаар хоёр орны хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой “Хоккайдо-Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг” үүсгэн байгуулагдаж, Монголд хөрөнгө оруулах, хамтран ажиллах сонирхолтой Хоккайдо мужийн компаниудыг эгнээндээ нэгтгээд байгаа нь олзуурхууштай, цаг үеэ олсон алхам болж байгааг тэмдэглэв. Түүнчлэн энэ оны 6 дугаар сард хүчин төгөлдөр болж, хэрэгжиж эхэлсэн “Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийн суурин дээр Монгол, Японы худалдаа, хөрөнгө оруулалтыг өсгөхөд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрт “Хоёр улсын Засгийн газар нь Монгол Улстай харьцангуй төстэй уур амьсгал бүхий Япон Улсын Хоккайдо мужийн хөдөө аж ахуйн менежмент, техник хэрэгсэл, хүйтэн бүст тохирсон технологийг судлан, туршлага солилцож, тус мужийн хувийн хэвшлийнхэнтэй техникийн хамтын ажиллагааг хөгжүүлнэ” хэмээн тусгайлан заасан байдаг.

Уг зорилтын хүрээнд сүүлийн жилүүдэд Монгол Улс, Хоккайдо мужийн хооронд болон хоёр талын төр, хувийн хэвшлийн бизнес эрхлэгч, аж ахуй нэгжүүдийн хооронд уулзалт, форум зохион байгуулагдан тогтмолжиж, хамтын ажиллагааны агуулга гүнзгийрч, цар хүрээ улам бүр өргөжин тэлж байна.

mpa-photo-2016-4028

Монгол, Японы харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг юм. Монгол Улс өөрийн “гуравдагч хөрш” Япон Улстай амжилттай хөгжүүлж буй “Стратегийн түншлэл”-ийн харилцааг улам бүр гүнзгийрүүлэн, өргөжүүлэн хөгжүүлэхийг зорьж байна.

 

Эх сурвалж:  Гадаад Харилцааны Яам

 

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

12 − four =