Монгол-Японы харилцааМэдээлэл

“Зудын болон ой сав, тал газарт гарах гамшгийг даван туулах чадавхийг бэхжүүлэх төсөл”–ийн  гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ

投稿日:

10 дугаар сарын 28-ны өдөр, Монгол улсын Сангийн яаманд Сангийн дэд Сайд Х.Булгантуяа, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн нар Ядуурлыг бууруулах Япон сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжих "Зудын болон ой сав, тал газарт гарах гамшгийг даван туулах чадавхийг бэхжүүлэх төсөл"-ийн гэрээнд гарын үсэг зурлаа.


Сангийн дэд сайд Х.Булгантуяа "Тус төсөл хэрэгжсэнээр Монгол улсын 4 аймгийн 12 суманд гамшгаас урьдчилан сэргийлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж суурьлуулж, гамшгийн эрсдэлийн удирдлагыг сайжруулснаар орон нутгийн иргэд болон тухайн бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх чадавх сайжирна. Өнөөг хүртэл хэрэгжсэн Ядуурлыг бууруулах Япон сангийн төсөл, хөтөлбөрүүд нь Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжил, ядуурлыг бууруулахад ихээхэн хувь нэмэр оруулсан бөгөөд Монгол улсын Засгийн газар эдгээр төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг өндрөөр үнэлдэг" хэмээв.

Элчин сайдын яамыг төлөөлөн уг арга хэмжээнд оролцсон нэгдүгээр нарийн бичгийн дарга Х.Фүкасава "Япон улсын Засгийн газар нь ядуурлыг бууруулан тогтвортой хөгжлийг чиглэн хэрэгжүүлж буй Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааг олон салбарт дэмжин ажиллаж ирсэн бөгөөд Азийн хөгжлийн банкаар дамжуулан Ядуурлыг бууруулах Япон сангийн төсөл, хөтөлбөрүүд нь олон тусламжийн нэгэн төлөөлөл болно" гэж өгүүлээд "Өнөөдөр гарын үсэг зурсан Ядуурлыг бууруулах Япон сангийн төсөл хэрэгжсэнээр орон нутгийн иргэдийн зуд, ой хээрийн түймэр зэрэг байгалийн гамшигтай тэмцэх чадвар сайжирна гэдэгт найдаж байна" хэмээн мэндчилгээндээ дурдав. 
 


Зүүн талаас Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн, Сангийн дэд Сайд Х.Булгантуяа, Японы ЭСЯ-ны 1-р нарийн бичгийн дарга Х.Фүкасава, Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, Бригадын генерал Т.Бадрал

Төслийн талаарх мэдээлэл


1. Төслийн нэр: Зудын болон ой сав, тал газарт гарах гамшгийг даван туулах чадавхийг бэхжүүлэх төсөл
2. Төсөл хэрэгжүүлэгч: Онцгой байдлын Ерөнхий газар 
3. Төслийн нийт өртөг: 3 сая ам.доллар 
4. Төсөлд хамрагдах бүс нутаг: Дорнод аймаг, Говь-Алтай аймаг, Хөвсгөл аймаг, Сүхбаатар аймаг


Ядуурлыг бууруулах Япон сангийн талаар

Ядуурлыг бууруулах Япон сан нь Азийн хөгжлийн банкны холбоонд багтах хөгжиж буй орон, ялангуяа ядуурал тулгамдсан асуудал болж буй улсад урт хугацаанд нийгэм эдийн засгийн хөгжлийг бэхжүүлэхэд дэмжлэх үзүүлэх зорилгоор 2000 оны 5 сард Япон улсын Засгийн газрын хөрөнгөөр Азийн хөгжлийн банкны харъяанд байгуулагдсан сан юм.

Эх сурвалж: Япон Улсын Элчин Сайдын Яам

 

 

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

one × 4 =