Мэдээлэл

3.3 жилийн тасралтгүй хэлэлцээрээр Япон улстай эдийн засгийн хамтын ажиллагааг эхлүүлжээ.

Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 44 жилийн ойг тохиолдуулан “Монгол–Японы эдийн засгийн хамтын ажиллагааны түүхэн эхлэл” сэдвээр дурсамж уулзалт зохион байгууллаа.

Дурсамж уулзалтад оролцогсод БНМАУ-ын сайд, Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны дарга асан Д.Салдангийн “Монгол-Японы эдийн засгийн хамтын ажиллагааг үүсгэн хэрэгжүүлсэн түүхэн зурвас (1973-1985)” номд бичсэн эдийн засгийн хамтын ажиллагаа анх хэрхэн үүссэн, анхны бүтээн байгуулалтын нэг “Говь” үйлдвэрийн талаарх түүхэн баримтуудыг эргэн дурссан юм.

Номын редактороор ажилласан Д.Салдангийн охин УИХ-ын гишүүн С.Одонтуяа энэ үеэр

“Манай улс анх удаа “хөрөнгөтөн” гэгдэх оронтой, тухайлбал Японтой эдийн засгийн харилцаа тогтоож хамтран ажиллах нь манай орны хувьд цоо шинэ зүйл байсан. Амаргүй нөхцөлд буцалтгүй тусламж авах, тусламжийн хэмжээг нэмэх, шинэ тоног төхөөрөмжийг суурилуулах, боловсон хүчин бэлтгэх гээд эдийн засгийн хамтын ажиллагааг бүрэн утгаар нь эхлүүлсэн үйл явдал байсан” гэдгийг онцоллоо.

Тухайн үед Японы засгийн газраас буцалтгүй тусламжийг зөвхөн эрүүл мэндийн салбарт олгоно гэсэн хэдий ч ирээдүйд эдийн засгийн үр өгөөж авчрах хэлбэрт оруулахаар хүчин чармайлт гаргасан нь “Говь” үйлдвэрийг барьж байгуулах эхлэл болсон гэдгийг ч тэрээр онцолж байв.

“Говь” үйлдвэрийн анхны хөрөнгө оруулалт нь 3.1 тэрбум иен байсан хэдий ч таван тэрбум болгож чадсан гээд олон үе шатыг дамнан гурван жил гурван сарын хугацаанд тасралтгүй хэлэлцээр хийсэн байна.

Япон улстай анхны хамтын ажиллагааг зөв зүйтэй тавьсан учраас өнөөдөр стратегийн хамтын ажиллагаа хүртэл өргөжсөн хэмээн үзэж байгаагаа дурсамж уулзалтад оролцогчид онцолж байв.

Мөн буцалтгүй тусламж ашгийн бус зүйлд зарцуулдаг учраас буцалтгүй хөрөнгө хэмээн өөрчилж байсан хийгээд “Говь” үйлдвэрийн бүхэлд нь японы тусламжаар босгосон мэт ярьдаг ч техник, зураг төсөл боловсон хүчинг японы талаас харин барилгын ажлын хөрөнгийг монголын талаас гаргаж байсан юм гэдгийг энэ үеэр дурдаж байсан юм.

Монгол-Японы найрамдлын нийгэмлэгээс зохион байгуулсан уг уулзалтад түүхэн үйл хэргийг бүтээлцсэн хүмүүсийн нэгээхэн хэсэг, төслийн хүрээнд японд суралцсан оюутнууд, Япон улсаас манай улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Т.Шимизү болон бусад хүмүүс оролцсон юм.

Монгол-Японы найрамдлын нийгэмлэг нь 1968 онд тухайн үеийн төр нийгмийн зүтгэлтнүүдийн хүчин чармайлтын дүнд сайд нарын зөвлөлийн тогтоолоор байгуулагдаж байжээ.

 

Эх сурвалж:  http://news.gogo.mn/r/179418

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

14 + 20 =