Улс төр

УИХ-ын дарга З. Энхболд Япон улсад хийх ажлын айлчлалаа эхлүүллээ.

投稿日:
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Япон Улсад 2016 оны 06 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд хийх ажлын айлчлалаа өнөөдөр эхлүүллээ.
 

Тэрээр өнөөдөр /2016.06.01/ Японы Фукушима мужид байрлах “Жобан Пауэр” компанийн нүүрснээс хий гаргаж, эрчим хүч, дулаан үйлдвэрлэх шинэ технологийг  /IGCC/ нэвтрүүлсэн  “Накасо” дулааны цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцлаа. “Накасо” дулааны цахилгаан станцын IGCC технологийн хэсгийн ерөнхий инженер Ишибаши хэлэхдээ, “Накасо” дулааны цахилгаан станц нь 1955 онд байгуулагдсан. 1 700 000  кВт  хүчин чадалтай, 240 ажилтантайгаар ажиллаж байна.

1950-аад оны үеэс Япон дахь цахилгаан эрчим хүчний эрэлт хэрэгцээ нэмэгдсэнтэй холбогдон Жобан бүс нутгийн үнэ өртөг хямдтай 3500 кк бүхий нүүрсийг ашиглан цахилгаан эрчим хүчний тэргүүлэгч компани болох “Токио Дэнрёку” компани орон нутгийн нүүрс олборлогч компаниудтай хамтран энэхүү цахилгаан станцыг анх байгуулсан. Накасо хот цахилгаан станц барихад зориулж 155 000 м2 газрыг үнэ төлбөргүй олгосон бөгөөд 1971 онд  Жобан бүс нутгийн нүүрсний уурхайнууд олноор хаагдсантай холбогдон мазутаар ажилладаг горимд хэсэгчлэн шилжүүлж, мазутаа татах шугам хоолой тавьж, зуухаа шинэчилсэн гэлээ. Түүнчлэн  1983 онд нүүрс болон мазутын холимог түлшээр ажилладаг 8, 9-р зуух / 600 мегаватт/ ашиглалтад орсон бол 1985 оноос CWM / Coal Water Mixture/ технологийг туршиж, 1985 оноос 8-р зууханд нэвтрүүлж, 2002 он хүртэл нийт 5.2 сая тонн түлш ашиглан эрчим хүч үйлдвэрлэж байгаа юм байна.  1988 оноос 1996 онд нүүрс хийжүүлэх технологийг хослон ашиглах туршилт хийж, амжилттай болсон. 1995 оноос цахилгаан эрчим хүчний үнэ чөлөөлөгдсөнтэй холбогдон хямд түлш болох нүүрсийг их хэмжээгээр ашиглахаар болж, гадаадаас нүүрс импортлох, нүүрс шаталтын горимыг сайжруулах, нүүрснээс гарах утааг багасгах талаар тодорхой ажлуудыг хийж ирснээ танилцуулав. 2004 оноос  нүүрс хийжүүлэх технологийг хослуулан ашиглах,  2011 оноос модны үртсэн чипс буюу био масс ашиглах аргыг үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм байна.  2013 оны 4-р сараас Integrated coal Gasification Combined Cycle, IGCC)аргаар ажилладаг  10-р зуух ашиглалтад орсон бөгөөд УИХ-ын дарга тус зуухны үйл ажиллагааг үзэж сонирхов.

Тус үйлдвэрийн ерөнхий инженер Ишибашигийн тайлбарласнаар, нүүрс нь бусад түүхий эдтэй харьцуулахад эрчим хүч, дулаан үйлдвэрлэх хамгийн чухал түүхий эд байсаар ирсэн бөгөөд 10 дугаар зуух нь 250 мВт хүчин чадалтай. Нүүрсийг хийжүүлэн эрчим хүч, цахилгаан үйлдвэрлэхэд ашиглах нүүрсийг агуулах 3 том хэмжээний агуулахтай. Өмнө нь энэхүү ДЦС-д орон нутгийн нүүрсийг ашиглаж байсан боловч нөөцгүй болсны улмаас гадаадын орнуудаас 100 хувь нүүрсээ импортоор авч байгаа талаар хэллээ. Мөн импортын нүүрсээ далайн боомтуудаас ДЦС-д авчрахын тулд 12 тонны багтаамжтай 100 машиныг ашиглан, битүү байдлаар тээвэрлэдэг байна. Ийнхүү авчирсан нүүрсийг буулгах үед тоосжилт үүсдэг учраас тоосжилтыг багасгах арга хэмжээнүүдийг авч иржээ.

“Жобан Пауэр” компанийн нүүрснээс хий гаргаж, эрчим хүч, дулаан үйлдвэрлэх шинэ технологийг  /IGCC/ нэвтрүүлсэн  “Накасо” дулааны цахилгаан станцын ойролцоо олон тооны айл өрхүүд байдаг тул байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэн ажиллаж эхэлсэн нь энэ юм. Ийнхүү нүүрсийг хийжүүлэх процессын нэг болох хийжүүлэх шатанд  хорт бодисуудыг ялгаж байгаа учир гарч байгаа утаа нь цэвэр байдаг. Одоогийн байдлаар тус станц IGCC технологиор эрчим, хүч цахилгаан үйлдвэрлэхэд нэг жилдээ 400 мянган тонн нүүрс ашиглаж байгаа бол бусад цахилгаан станцын нийт хэрэглээг тооцвол жилдээ нийт 1сая 500 мянган тонн нүүрс ашигладаг байна.

Тус ДЦС-тай танилцах үеэрээ УИХ-ын дарга хэлэхдээ, Япон Улсад цэвэр нүүрсний технологид мөнгө зарж ийм цахилгаан станцыг байгуулсан байна. Бас энэхүү ололтыг дэлхийн даяар түгээхийг эрмэлзэж байгаа нь сайшаалтай. Монгол шиг нүүрсний нөөцөөр дэлхийд 10-т ордог улсын хувьд, энэхүү дэвшилтэт технологийн шинэчлэлийг нэвтрүүлэх шаардлага байна. Энэ үйлдвэр нь хоёр хэсгээс бүрдэж байгаа бөгөөд эхнийх нь, нүүрсийг газ болгож хувиргах хэсэг, хоёрдугаарх нь ердийн цахилгаан станцын хэсгээс бүрдэж байна. Нүүрсийг газ болгон хувиргаснаар цаашид маш олон төрлийн түүхий эд, жишээлбэл полипропилен, азтотын бордоо, платмасс гэх мэт түүхий эдийг гаргаж авч болно. Энэ удаагийн ажлын айлчлалаар Монгол Улсын Уул уурхайн яам, Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам хоорондын “Цэвэр нүүрсний технологийн солилцоог дэмжих хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг үзэглэнэ. Энэ нь цаашид хоёр улсын тэргүүний дэвшилтэт технологийг нэвтрүүлэх тал дээр хамтран ажиллах, судалгаа хийх, нүүрсний хэрэглээний үр ашгийг  нэмэгдүүлэх зэргээр өндөр технологийг нэвтрүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм. IGCC шинэ технологийн дагуу нүүрсийг хийжүүлэн, эрчим, хүч дулаан үйлдвэрлэснээр хаягдлын далан үүсэхгүй, нүүрснээс үүсэх хаягдлыг засмал зам хийхэд дүүргэлтэд ашиглаж буй бол, хаягдал үнсний хувьд цементийн үйлдвэрт ашиглаж байгаа зэрэг олон давуу тал байна. Энэ бүхнийг бодит ажил хэрэг болгохын тулд “Монгол Японы Эдийн Засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийг байгуулсан. Одоо бүх гарц нээгдсэн учир цаашид бид нүүрсээ илүү өндөр үр ашигтай ашиглах боломжтой гэж харж байна хэмээн УИХ-ын дарга онцоллоо.

“Насако” ДЦС-ын дарга Хосада хэлэхдээ, энэхүү шинэ технологи нь хаягдал багатайгаас гадна ашигт үйлийн коффицент өндөртэй технологи. Өөрөөр хэлбэл цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхийн тулд ашиглах түлшний зарцуулалт 15 хувийн хэмнэлттэй байна. Энэ технологийг Монгол Улсад нэвтрүүлэх боломж бүрэн нээлттэй бөгөөд олон төрлийн нүүрсний асар их нөөцтэй  зэрэг давуу тал Монгол Улсад бий. Үнслэг чанараас нь шалтгаалан олон төрлийн нүүрсэнд шинжилгээ хийж,  тохиромжтой нүүрсийг шууд ашиглах, мөн хольж ашиглах боломжууд байдаг гэдгийг тэрээр хэллээ.

УИХ-ын дарга З.Энхболд болон дагалдан яваа төлөөлөгчид “Жобан Пауэр” компанийн нүүрснээс хий гаргаж, эрчим хүч, дулаан үйлдвэрлэх шинэ технологийг  /IGCC/ нэвтрүүлсэн  “Накасо” дулааны цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцах үеэр харилцан санал солилцлоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Р.Жигжид, УИХ-ын даргын зөвлөх Ц.Буянцогтоо, Б.Баярсайхан болон албаны бусад хүмүүс байлцав. 

 

Эх үүсвэр: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

eighteen − 9 =