Япон улсаас түргэн тусламжийн 2 тэргийг Монгол руу илгээхээр болжээ. Тус ажлыг зохион байгуулсан Ёокозуна Харумафүжи энэ сарын 29-ны өдөр Хирошима хотын захиргаанд талархал илэрхийлэхээр очжээ.
Харумафүжи нь өөрийн эцгээ автомашины ослоор алдсан бөгөөд тэрээр хэлэхдээ “Надад тохиолдсон гашуун дурсамжийг бусад хүн битгий амсаасай” гэжээ. Энэхүү түргэн тусламжийн тэрэгний тээврийн зардлыг хувиасаа гаргасан бөгөөд өнөөдрийг хүртэл нийт 16 түргэний тэрэг явуулсан байна.
Тус түргэний 2 тэрэг хоёр улсын эрүүл мэндийг дэмжих Токио хотын ашгийн бус байгууллагаар дамжин илгээгдэх юм. Хотын захиргаанд очих үедээ Харумафүжи “Монгол улс түргэний тэргээр дутагдаж байгаа бөгөөд энэхүү түргэний тэрэг нэг ч гэсэн хүнд тусламж хүргээсэй гэж хүсч байна. Өөрийн улсыг төлөөлж Хирошима хотын иргэддээ талархлаа илэрхийлмээр байна” хэмээжээ.
Эх сурвалж: www.mainichi.jp