Монгол-Японы харилцааМэдээлэл

Кэндочид шилдгүүдээ шалгарууллаа

投稿日:

Японы сэлмийн тулааны урлаг болон кэндо манай улсад хөгжөөд хорь орчим жилийн хугацаа өнгөрчээ. 1994 оноос анхны сууриа тавьж байсан кэндо нь спорт төдийгүй тулааны урлаг гэдгээрээ онцлог.

Кэндо нь бие сэтгэлээ хөгжүүлж, өөрөө өөрийгөө ялан дийлэх тулааны урлагаас гадна харилцан бэртэл гэмтэл учруулахгүйгээр зөв техник аргачлалыг сэтгэхүйтэй уялдуулан хөгжүүлэх, хувь хүний ёс суртахуун, эрдэм мэдлэг, итгэл үнэмшлийг бий болгох ач холбогдолтой. Тиймээс ч кэндог сонирхогч, хичээллэгсдийн тоо жил ирэх тутам өссөөр байна.

Өчигдөр буюу ням гарагт энэ төрлөөр хичээллэдэг тамирчид шилдгүүдээ тодрууллаа. 13 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Монголын кэндогийн холбоо, Япон улсын элчин сайдын яамнаас хамтран зохион байгуулсан юм.

kendo_4-102055-687322156“Кэндогийн спорт анх 1994 онд Р.Батдорж багш Улаанбаатар клубыг байгуулснаар эхэлсэн түүхтэй. Энэ клубээс дараа, дараагийн бүх клубууд үүсч, өнөөдөр нийт долоон клубын 200 тамирчинтай болтлоо өргөжсөн байна.

Энэ удаагийн УАШТ-нд Японоос найман багш ирж тэмцээнийг шүүж байна. Олон улсын тэмцээний найман дантай /зэрэг/ багш нар ирсэн нь энэ удаагийн тэмцээний онцлог гэж болно. УАШТ-ий дараагаас 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдын бэлтгэл эхлэх учраас бид ач холбогдол өгч байна” хэмээн Монголын кэндогийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Тамир хэлсэн юм.

Тэмцээнд долоон клубын 67 тамирчин хүүхэд, эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон багийн төрөлд хурд, хүчээ сорилоо. Мөн багийн төрөлд клуб бүр эрэгтэй болон эмэгтэй тамирчдын багаар оролцож аваргуудаа тодруулсан юм. 

Энэ удаагийн УАШТ-ийг Японы улсын элчин сайдын яам хамтран зохион байгуулж төрөл тус бүрт аваргаар шалгарсан тамирчдыг Япон улсад долоо хоног аялуулахаар болжээ.

Япон улсын элчин сайдын яамны Соёл, боловсролын хэлтсийн дарга Ямамото Кейго “Японы үндэсний тулааны урлаг кэндо Монголд шинэ тутам хөгжиж буй спортын нэг. Багш, сурагчдын идэвхитэй оролдлогын хүчээр энэ төрлийн спорт улам түгэн, дэлгэрч байгаад баяртай байна. Тулааны урлагаар дамжуулан Япон орны соёл, бушидо буюу самурайн амьдралын зарчим, хүндлэл гэдгийг ойлгоход маш их үр дүнтэй. Кэндогоор хичээллэгсдийн тоо өссөөр байгаа нь Монголын кэндогийн холбоо болон Бүх Японы кэндогийн холбооны хамтын ажиллагааны ач тус гэж бодож байна. Кэндогоор нийт 2.6 сая хүн хичээллэдгийн тал нь гадаад хүмүүс байдаг. Хэдэн жилийн өмнө Монголд кэндогийн спортыг дэлгэрүүлэх, зааж сургах багш тийм ч их байгаагүй. Харин өнөөдөр тамирчдын тоо өсч, монголдоо тэмцээн уралдаанд оролцохоос гадна олон улсын тэмцээнд оролцож, дэлхийн тавцанд гарах боломж маш их байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм.

Эх сурвалж: www.gogo.mn 

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

nine + nineteen =