Улс төр

Өмнөд Курилын арлуудаа Японд шилжүүлбэл иргэд нь үлдэж болно гэв

投稿日:

Япон улсын засаг захиргаанаас хэрвээ Өмнөд Курилын арлуудыг Оросоос Японы талд шилжүүлбэл тэнд амьдардаг иргэд нь аралдаа үлдэхийг зөвшөөрчээ. Энэ талаар Японы “Mainichi” сонинд дурджээ.

Оросын талаас Японд Өмнөд Курилын арлуудаа шилжүүлсэн тохиолдолд Японы зүгээс тэнд оршин суудаг ОХУ-ын иргэдийг үлдэхийг зөвшөөрсөн байр сууриа Японы Засгийн газраас баталсан гэж сонинд бичсэн байна.

Тус сонины мэдээлснээр энэ нь Токиогийн зүгээс Япон, Оросын хооронд үүссэн газар нутгийн маргаанаа шийдэх шинэ алхмын нэг хэсэг болж буй тухай Ерөнхий сайд Шинзо Абэгийн тавдугаар сард Сочид айлчлах үеэрээ хийсэн яриандаа дурдсан гэнэ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 2-нд буюу өнөөдөр Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн II форумын хүрээнд Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзана. 

Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Сугагийн мэдэгдсэнээр энэ уулзалтын үеэр хоёр талт харилцааны өргөн сэдвийг хамарсан яриа хэлцлүүд болох бөгөөд үүгээр газар нутгийн маргаан, Оросын Ерөнхийлөгчийн Японд хийх айлчлалын талаар хэлэлцэх аж.

Орос, Японы зүгээс олон арван жилийн турш энхийн гэрээ хэлцэл хийхийг оролдож байгаа ч энэ замд саад учруулж буй гол асуудал нь Өмнөд Курилын арлын эзэмшлийн маргаан болжээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Курилын бүх арал ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтсан ч Итуруп, Кунашир, Шикотан болон Хабомаи бүлэг арлын эзэмшлийн асуудлаар Японтой өнөө хэр нь маргаантай байдаг билээ.

1956 онд ЗХУ, Японы хоорондын дайсагналыг зогсоох хамтарсан тунхагт гарын үсэг зурсан ч энхийн гэрээ одоо ч гэсэн бүрэн утгаараа дуусгавар болоогүй байгаа юм. Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров тавдугаар сарын 31-нд мэдэгдэхдээ дэлхийн хоёрдугаар дайн Курилын арлуудыг нэгээс нөгөөд нь шилжүүлж, түүхэнд цэг тавьсан гэжээ.

“Бид Японд Курилын арлуудаа өгөхгүй, энхийн гэрээ хэлцэл хийхийг ч гуйхгүй. Бид бат бэх, хариуцлагатай гүрэн, ЗХУ-ын үргэлжлэл-улсын хувьд ЗХУ-ын бүхий л үүрэг хариуцлагыг үүрэх болно. Эдгээр үүрэг хариуцлагад Зөвлөлт Японы 1956 оны тунхаглал ч орж байгаа юм.

Уг тунхаглалд талууд энхийн гэрээ хэлцлээ дуусгах үүрэг хүлээсэн. Үүний дараа л Японы ард түмэн хүссэн тохиолдолд ЗХУ сайн дураар Шикотан, Хабомаи даланг шилжүүлэхэд бэлэн гэсэн” хэмээн тэрбээр “Комсомольская правда” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Түүний хэлж буйгаар дэлхийн хоёрдугаар дайны үр дүнг хүлээгээгүй нөхцөлд энэ асуудлыг харилцан нааштайгаар шийдвэрлэх талаар яриа хэлцэл явуулах боломжгүй гэжээ. “Бид энэ талаар Японы түншүүддээ хэлэлцээний үеэр ч хэлсэн.

Тухайлбал, зөвлөгөөний сүүлчийн шатанд бид энэ асуудлын түүхэн байдлыг нь харгалзан үзэхийг санал болгосон. Дэлхийн хоёрдугаар дайн арлуудыг нэгээс нөгөө рүү шилжих түүхэнд цэг тавьсан гэдэг нь бүгдэд ойлгомжтой байна” гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд мэдэгджээ.

 

Эх сурвалж: www.ikon.mn

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

sixteen − two =