Монгол-Японы харилцааМэдээлэл

“Мал эмнэлгийн англи-монгол-япон, монгол-англи-япон толь бичиг”-ийн нээлт боллоо

投稿日:

Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/, ХХААХҮЯ , ХААИС-ийн Мал эмнэлгийн сургууль хамтран хэрэгжүүлж байгаа “Мал эмнэлэг, МАА-н салбарын хүний нөөцийн хөгжлийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд “Мал эмнэлгийн англи-монгол-япон, монгол-англи-япон толь бичиг”-ийг Мал эмнэлгийн сургуулийн залуу багш нар болон төслийн багийнхан хамтран бүтээж /2016.11.03/ нээлтээ хийлээ.

Нээлтэд ХААИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, профессор Г.Гантулга, МЭС-ийн захирал А.Гомбожав, Жайкагийн төслийн Ерөнхий зөвлөх Үмэмүра болон МЭС-ийн төгсөх ангийн оюутнууд оролцов.

Тус арга хэмжээг нээж Мал эмнэлгийн сургуулийн захирал А.Гомбожав: “Таван жилийн хугацаатай хэрэгжиж буй энэхүү төсөл эхлээд 2.5 жил буюу яг дундаа орж байна. Төслийн явцын үр дүн болон цаашид үргэлжлүүлэх эсэхийг шийдэх  шалгалтыг Жайкагийн төвөөс хийж, Япон Монголын хамтарсан ТУЗ-ын  хурлаар үр дүнгээ танилцуулан “онц” үнэлгээ авсан. 

Төслийн хүрээнд Жайкагаас 1 тэрбум 662 сая төгрөгийн тоног төхөөрөмж болон бусад хөрөнгө оруулалтыг энэ хугацаанд хийсэн. Мал эмнэлгийн сургуулийн номын санд нийлүүлсэн сурах бичгийн ашиглалтыг сайжруулах, мөн  ирээдүйн малын эмч нарынхаа гадаад хэлний чадварыг нэмэгдүүлэх зорилгоор манай залуу багш нар төслийн багтай хамтран Мал эмнэлгийн англи монгол япон толь бичгийг бүтээлээ. Жайкагийн санхүүжилтээр 2500 ширхэг толь бичгийг 13 сая төгрөгөөр хэвлэн олны хүртээл болгож байна. Ингэснээр тус сургуулийн оюутнууд мэргэжлийн номуудыг англи, япон хэлээр сургуулийнхаа номын сангаас үзэж суралцах боломжтой боллоо” гэв.

Жайкагийн төслийн Ерөнхий зөвлөх Үмэмүра: “Монгол Улсын хувьд хамгийн чухал хоёр салбар бол мал аж ахуй, уул уурхай юм. Хэдийгээр энэ хоёр гол салбар хөгжиж байгаа гэсэн ч хэд хэдэн бэрхшээлтэй тулгарч байна.  Тухайлбал, малын халдварт өвчин, мал, зэрлэг амьтнаас хүнд халдах өвчин, мөн бэлчээр,  орчны бохирдол, хүнсний аюулгүй байдал гэсэн асуудлууд тулгамдаж байна. Тиймээс дээрх бэрхшээлийг даван туулахад мал эмнэлгийн шинжлэх ухаан, малын эмч нарын үүрэг хариуцлага маш их өндөр байх хэрэгтэй. Энэ асуудал зөвхөн тус улсад тулгамдаж байгаа асуудал биш. Ази, Африкийн улс орнуудад ч мал эмнэлэг, малын эмч нарын үүрэг хариуцлага маш их нэмэгдэж байна. Та бүхэн сургуулиа төгсөөд малын их эмчийнхээ мэргэжлээр ажиллана гэдэг энэ салбарын хөгжилд маш чухал. МУ-ын Ерөнхийлөгч тус сургуульд төсөл хэрэгжүүлэх хүсэлтийг 2007 онд ирүүлсэний дагуу энэхүү төсөл хэрэгжих болсон юм. Төслийн хүрээнд юуны өмнө сургалтад зайлшгүй шаардлагатай сурах бичгээр хангах шаардлага байсны дагуу бид 1 тонн жинтэй 700 гаруй ном сурах бичгийг нийлүүлсэн. Мөн лабораторийн багаж төхөөрөмж, боловсон хүчнээр хангах асуудлаар Хоккайдогийн их сургуулийн багш нар тус сургууль дээр хичээл заах болон МЭС-ийн багш нар Японд мэргэжил дээшлүүлэх зэргээр ажиллаж байна. 

А.Гомбожав захирлын хэлсэнчлэн залуу багш нар Хоккайдогийн их сургуульд судалгааны ажил гүйцэтгэж, түрүүчээсээ докторын зэргээ өвөртлөөд сургуульдаа ирээд багшилж байна. Бид англи хэл дээрх дэлхийн шилдэг сурах бичгүүдийг нийлүүлсний дараа багш, оюутнуудад хэрэглэхэд дөхөм болгох үүднээс энэхүү толь бичгийг бүтээсэн юм. Мэдээж зөвхөн үүнийг хэрэглээд англи сурах бичиг уншина гэдэг хялбар асуудал биш. Бидний бүтээсэн толь бичиг бол мэргэжлийн толь бичиг гэдгийг анхаарах шаардлагатай. Манай төслөөс та бүхнийг энэхүү мэргэжлийн нэр томъёоны толь бичгийг ашиглаад, бидний нийлүүлсэн мэргэжлийн ном сурах бичгүүдийг орчуулан ойлгож,  сайн малын их эмч болоорой гэж хүсч байна” гэлээ.

ХААИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Г.Гантулга: “Монгол улсын ХАА-н салбар, тэр дундаа Мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэхэд чадварлаг сайн малын эмч бэлтгэх шаардлага бий. Энэхүү төслийн хүрээнд үе шаттайгаар багш судлаачдыг чадавхжуулж байна. Сайн сурах бичиг, сайн нэр томъёоны толь бичиггүйгээр сургалтын чанарыг сайжруулах боломж байхгүй. Даяарчлагдаж байгаа энэ үед бүх зүйл хоорондоо харилцан хамааралтай болсон. Тиймээс мал эмнэлгийн хөтөлбөрийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхөд нэг хэлээр, нэг нэр томъёогоор ойлголцох шаардлагатай. Тиймээс монгол англи, япон хэлний нэр томъёоны тайлбар толийг маш богино хугацаанд гүйцэтгэсэн хамт олонд ХААИС-ийн захиргаа, Эрдмийн зөвлөлийн нэрийн өмнөөс талархал илэрхийлж байна. Оюутан, залуус та бүхэн сайн мэргэжилтэн болж төгсөөд малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна гэлээ. 

Нээлтийн дараа тус толь бичгийг ХААИС-ийн номын сан болон МЭС-ийн номын сан, тус сургуулийн багш нарт гардуулан өглөө.

Эх сурвалж ХААИС

 

 

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

3 × five =