Улс төр

Ренхо Мурата Японы сөрөг хүчний анхны эмэгтэй удирдагч боллоо

投稿日:

 

Зүүн төвийн үзэлтэй Ардчилсан Нам буюу Японы гол сөрөг хүчний тэргүүнээр анх удаа эмэгтэй хүн тодорлоо.

Ренхо Мурата хоёр эрэгтэй өрсөлдөгчийг ялан гарч ирсэн байна. Сүүлийн 61 жилийн турш Японыг засаглаж байгаа эрх баригч Либерал Ардчилсан Намыг (ЛАН) ялах хүнд даалгавар түүнд ирж байгаа юм.

Мурата нам дотроо хувьсгал хийж ерөнхий сайд Абэгийн удирдсан ЛАН-ын эсрэг хүчтэй сөрөг хүчин болж ажиллахаа амлажээ.

Хоёр хүүхдийн эх Мурата сургуулийн өмнөх насны хүүхдийн асран халамжлах чиглэлд ахиц гаргахаа мөн амласан байна.

Мэдээний хөтлөгч байсан 48 настай Мурата парламентын дээд танхимд 12 жил сонгогдон ажилласан. Намын тэргүүний сонгуулиар тэр 849 саналын 503-ыг авч ялалт байгуулсан байна. Түүний өрсөлдөгчид болох хуучин намын дарга Сэйжи Маехара 203, харьцангуй олны танил биш Юичиро Тамаки 116 санал авчээ.

Эрэгтэйчүүд давамгайлдаг Японы нийгэмд эмэгтэйчүүд тодрох болсны нэг жишээ Мурата болж байна. Түүнээс өмнө Токио хотын даргаар Юрико Коике сонгогдсон бол Томоми Инада батлан хамгаалахын сайд болсон юм.

Мурата нь зөвхөн эмэгтэй гэдгээрээ бус, мөн Тайваний эрлийз гэдгээрээ онцгой хүн.

Тайвань эцэг, Япон эхтэй, Японд төрсөн Мурата 1985 онд хуулинд гарсан өөрчлөлтийн дагуу Японы иргэн болж байжээ. Харин Муратаг одоо болтол Тайваний иргэншлээ орхиогүй, давхар иргэншилтэй тул Тайваний бодлого Японы улс төрд нөлөөлнө гэсэн шүүмжлэл байнга яригддаг юм.

Түүний удирдах Ардчилсан Нам засгийн газрын бүрэлдэхүүнд 2012 он хүртэл ажилласан. Энэ хугацаанд намын удирдлагууд Фүкүшимагийн гамшигт буруутгагдан нэр хүнд нь ихээр унаад байгаа ажээ.

 

Эх сурвалж: www.ikon.mn

 

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

nineteen + four =